Eng Байгууллага

Крипто мэдлэг

Криптовалютыг сонгохдоо СУУРЬ ШИНЖИЛГЭЭ хэрхэн хийх вэ?

27-04-2022

Арилжаа хийх криптовалютаа сонгоход олон талын хүчин зүйлсийг судлах хэрэгтэй талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ. Энэ удаад IDDA-н 5 төрлийн шинжилгээ хийх аргачлалын нэг болох Суурь шинжилгээг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

1 

Суурь шинжилгээ нь криптовалютын үнэ цэнийг тодорхойлоход чиглэсэн төрөл бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлсийг судлах аргачлал юм. Ерөнхийд нь авч үзвэл эдгээр хүчин зүйлсэд тухайн бүс нутаг, улс орны эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн байдал, салбарыг хөгжүүлэх боломж гэх мэт илүү макро хүрээний асуудлуудаас гадна тухайн компани төслийн санхүүгийн байдал, ногдол ашиг, баг хамт олон болон удирдлагууд, блокчэйн технологи гэх мэт микро хүчин зүйлс хамаарна.

Криптовалютын дийлэнх нь хөрөнгийн зах зээл дээрх шиг компаниуд биш зөвхөн төслийн хэмжээнд байдаг гэдгийг санах нь зүйтэй. Иймд тухайн төслийн талаар бүх мэдээллийг харгалзан зөв суурь шинжилгээ хийх нь тухайн криптовалют үнэ цэнтэй эсэхийг тодорхойлоход тусална.

Суурь шинжилгээг хэрхэн хийх вэ?

Суурь шинжилгээний үндсэн үнэлгээ нь илүүтэй субьектив таамаглал дээр үндэслэсэн байдаг тул 100% үнэн гэж үзэхэд учир дутагдалтай. Гэсэн хэдий ч энэ нь хамгийн үр дүнтэй шинжилгээ хэвээр байгаа бөгөөд бусад шинжилгээг ашиглах боломжгүй үед ч таны баримтлах гол удирдамж болж чадна. Криптовалютын суурь шинжилгээ хийхэд туслах гурван үндсэн хэмжигдэхүүнийг авч үзье.

 2

1. Төслийн хэмжүүр

Криптовалютын төслийн үнэлгээ хийх нь түүний гүйцэтгэл болон чанарыг тодорхойлох гол арга юм. Иймд төслийн дараах хүчин зүйлсэд анхаарлаа хандуулан үнэлгээ өгөх нь зүйтэй.

- Баг хамт олон - Төслийн ард байгаа баг, тэдний амжилт, ирээдүйтэй төслийг хэрэгжүүлэх хангалттай туршлагатай эсэх, мөн төслийн анхны түншүүд болон зөвлөхүүдийг харгалзан найдвартай байдлыг үнэлэх боломжтой.

- Whitepaper - Крипто төслийн талаарх тойм гэж ойлгож болох бөгөөд энэхүү техникийн баримт бичигт ашигласан технологи, криптовалютын хэрэглээ, онцлог, шинэчлэлтүүд, нийлүүлэлтийн хэмжээ гэх мэт мэдээллийг агуулна. Мөн өөр хэн нэгэн 3 дахьч талын тухайн whitepaper дээр өгсөн санал шүүмж зэргийг харгалзан үзэх нь чухал.

- Токеномик ба хэрэглээ - Токеномик нь криптовалютын эрэлт, нийлүүлэлтийг хэлж байгаа бөгөөд түүний үнэ цэнийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой. Мэдээж койны эрэлт нийлүүлэлтээсээ их байвал түүний үнэ өндөр байх болно. Мөн төслийн цаад зорилго, койныг ашиглах бодит хэрэглээ зэрэг нь хэрэглэгчдийг татах гол нөхцөл болдог.

- Төслийн ‘roadmap’ - Ихэнх крипто төслүүд нь туршилт, шинэ хувилбарууд, дараагийн боломжуудыг цаг хугацааны хувьд тодорхойлон харуулсан ‘roadmap’-тай байдаг. Энэ нь койны ирээдүйн чухал үе шатуудын талаар ойлголттой болоход тусална.

- Өрсөлдөгчид - Зах зээлийн өрсөлдөгчдийг судлах нь тухайн төслийн өрсөлдөх чадварыг тодорхойлоход тусална. Мөн төслийн эргэн тойрон дахь боломжуудыг үнэлэх, ерөнхий экосистемийн талаархи ойлголттой болоход чухал ач холбогдолтой.

 

2. Санхүүгийн хэмжүүр

Төслийн хэмжүүр нь чанарыг хэмждэг бол санхүүгийн хэмжүүрийн тоон арга барил дээр үндэслэн хийгддэг үнэлгээтэй адил юм.

- Зах зээлийн үнэлгээ - Токенын зах зээлийн үнэлгээг койны тухайн үеийн нийлүүлэлтийн хэмжээ болон койны үнийг үржүүлж тооцдог. Мэдээж дан ганц зах зээлийн үнэлгээг авч үзэх нь өрөөсгөл хэдий ч төслийн ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашиглаж болно.

- Хөрвөх чадвар ба арилжааны хэмжээ - Хөрвөх чадвар нь тухайн койныг хэр амархан худалдаж авах эсвэл зарж болохыг тодорхойлдог бол арилжааны хэмжээ нь хөрвөх чадварыг тодорхойлоход тусалдаг. Өндөр хөрвөх чадвар нь үнийн зөрүү буюу ‘bid’-г ойртуулдаг учир койныг хялбархан авах, зарах боломжтой.

- Нийлүүлэлт - Нийлүүлэлт нь зах зээл дээр идэвхтэй арилжигдах боломжтой нийт койны хэмжээ юм. Энэ нь койны нийт нийлүүлэлтээс ялгаатай бөгөөд цаг хугацааны явцад байнга өөрчлөгддөг.

 

3. Блокчэйн хэмжүүр

Блокчэйн сүлжээ нь төслийг үнэлэхэд туслах томоохон хэмжүүр юм. Гэхдээ судлахад маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Тийм ч учраас энэ өгөгдлүүдийг гаргаж өгдөг вэбсайтуудыг ашиглах боломжтой.

- ‘Hash’-н хувь хэмжээ - Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд криптовалютын чухал үзүүлэлт бөгөөд Hash-н хувь хэмжээ өндөр байвал олборлолт хийхэд илүү их урамшуулал авч, сүлжээ илүү найдвартай болно гэсэн үг.

- Идэвхтэй хаягууд - Тухайн хугацаанд идэвхтэй байгаа блокчейн хаягийн тоо юм. Та гүйлгээ бүрийн илгээх болон хүлээн авах нийт хаягийг нэмж энэ тоог гаргах боломжтой.

- Гүйлгээ ба шимтгэл - Гүйлгээний хэмжээ тогтмол өндөр байх нь тухайн валют тогтвортой гүйлгээнд байгааг илтгэнэ. Нөгөөтэйгүүр, эрэлт ихтэй койны сүлжээний шимтгэл өндөр байдаг.

 

Мэргэжлийн түвшинд криптовалютын суурь шинжилгээг хийх нь маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Мөн компани болон төслийн өнөөгийн байдал чухал ач холбогдолтой байдаг. Тийм ч учраас ихэнх хөрөнгө оруулагчид брокер, бирж, хөрөнгө оруулалтын банкуудын бэлтгэсэн судалгааг ашигладаг. Гэвч энэхүү нийтлэлийн тусламжтайгаар та криптовалютын төслийн суурь шинжилгээг тодорхой хэмжээнд бие даан хийх боломжтой болсон гэдэгт итгэлтэй байна.

Блокчэйний давхаргууд ямар үүрэгтэй вэ?

12-05-2022

Криптовалютын зарим томоохон төлөөллүүд

02-05-2022

DEFI сорилтууд

02-05-2022

Холбоо барих

7505 7775

contact@altex.mn